Монголын бичил уурхайн нэгдсэн дээвэр холбооны нэвтрүүлэг
Монгол орны нийгэм, эдийн засгийн шилжилт эхэлсэн тэртээх он жилүүдэд олон иргэд амьжиргаагаа залгуулахын эрхэнд хууль бусаар ашигт малтмал олборлож, амьдралаа эрсдэлд оруулж байсан хүнд хэцүү үеүд түүх болон үлджээ. Өдгөө бичил уурхайн асуудал эрх зүйн хүрээнд зохицуулагдсан, хувиараа ашигт малтмал олборлогчид нөхөрлөл, ТББ-уудад зохион байгуулагдаж улмаар өөрсдийн нэгдсэн дээвэр байгууллагыг үүсгэн байгуулжээ. МБУНД Холбоо нь эдгээр бичил уурхайн байгууллагуудыг нэгтгэн бичил уурхайчдын эрх ашиг, дуу хоолойг төлөөлөн хариуцлагатай бичил уурхайг төлөвшүүлэхэд хувь нэмрээ оруулж байна. Түүнчлэн холбооны зүгээс бичил уурхайчид санхүүгийн хувьд тогтвортой байх, орлогын бусад эх үүсвэрийг бий болгоход нь дэмжлэг үзүүлэхэд анхаарч, энэ талаар хэтийн зорилгодоо тусгаад байна.